Монгол Улсын Гавъяат багш
Ц.ТҮВШИНТӨГС
Хүний хөгжил хүүхэд наснаас эхэлдэг. Хүүхэд гэж
хэн юм бэ, хүүхэд юу бодож тэмүүлж байх ёстой юм бэ, юуг сурч дадлагажих
хэрэгтэй юм бэ гэдэг талаар хөндөн ярья. Монголчууд хүүхдийг эрхэм баяны нэгд
тооцдог. Үр хүүхдээ бүхнээс эрхэмд тавьдаг, үр хүүхэд олонтой хүнийг баянд
тооцдог ард түмэн тийм ч олон биш. Дэлхийн бүх оронд жийп машин унадаг болж,
цөмөөрөө компьютер, гар утас хэрэглэдэг болж. Ийм үед нэг улс нөгөөгөөсөө
юугаараа ялгарах юм бэ гэдэг асуулт гарч ирнэ. Аль ч оронд дээд түвшинд хүртэл
өөрийгөө хөгжүүлсэн, эрдэм чадалтай хүн буюу хөгжсөн хүн хамгийн эрхэм байгаа
юм. Монголын хувьд ч ялгаагүй, гэхдээ бусдаас илүү ийм шаардлага байна. Яагаад
гэвэл, бидэнд машины ч юм уу том брэнд үйлдвэр байхгүй. Тэгэхээр энэ жижигхэн
улсын нэр алдрыг гаргах брэнд нь залуучууд, иргэд нь л байна. Өнөөдөр Монголын
хүүхэд залуус дэлхийн дэвжээн дээр гараад ирсэн гэж болно. Та нар мэднэ дээ, А.Мөнгөнтуул
гэж шатарчин охиныг. Энэ охин 15 настайдаа шатрын их мастер болсон. Дөнгөж сая
20 насныхаа босгон дээр Брюселд эмэгтэйчүүдийн дэлхийн их мастерын болзол
хангалаа. ШУТИС-ийг 16-тайдаа төгссөн Э.Энхпүрэв гэж хүү одоо 19-хөн настай ч
хувийн сургуультай. Тэр хүү одоо докторын дисертацаа хамгаалж байна. Монголын
залуус дэлхийн дэвжээн дээр гараад ирж байна. Дэлхийн дэвжээн дээр гарч
ирнэ гэдэг нь монгол тэмүүллийн жинхэнэ эзэд болж байна гэсэн үг.
Хүүхэд нас бол хүний хөгжлийн эгзэгтэй атлаа хамгийн сонор соргог үе. Бас танин
мэдэхүйн асар өргөн багтаамж, хөгжлийн асар их хурд, насан туршийн их авьяас
булгийн эх булаг гэж хэлж болно. Хүүхэд бол гэнэн цагаан, муу санаа суугаагүй
хамгийн бурханлаг ард түмэн. Хүүхэд хаана амьдарч байна, тэр газраа баяр
баясгалан, инээд хөөрөөр цалгиулж явдаг. Иймээс та нар хүүхэд насаа хүндэтгэх